Huduu
Уулс уулсын тэртээгээс ухаант ард минь нутаг дуудна
Улиран одох цаг дурсамж бүхнийг бодогдуулна
Урсах гол мөрөн тал хээрээр жолоо зална
Урд зам зурайна дөхөх тусам гуниг сална
Алтан нарны дор амгалан тайван хөдөө
Аян замын чилээ мартагдтал сэтгэл өдөөнө
Амьдрах хэв маяг баймаар санагдана удаан
Агаарын сайхныг чимнэ аргалын утаа
Зах нь харагдахгүй уудам талд нүд бэлчээнэ
Зан нь эвдрээгүй малчин ард тосно энчээ
Байгаа бүхнээ барих багахан тэр модон ширээ
Бараг асгах шахам дүүргэсэн тавгийн идээ
Айлчлан зочлоход аавын минь нутаг сайхан
Айраг цагаа хүртэн амрахад тухтай байх юм
Алсын бараанаас саравчлах танил олон
Аян замаа дуусаад тэдэндээ би очих болно
Дахилт
Тооноор тольдон байх хөх цэлмэг, гүн цэнхэр, мөнх тэнгэр
Тоолж баршгүй түмэн одод тэнд түгэнэ, энэ хөгөнд үг нэмнэ
Зөөлөн үлээх салхи нь нүүр илбэнэ, даган хийснэ, цэцгийн дэлбээ
Мандахаасаа жаргах хүртэл алтан наран, илчээ дэлгэнэ, нүд гялбана
Уулсын дээгүүр бас үүлсийн доогуур
Усандаа умбаж аваад цаг нь ирэх хойгуур
Намар цагтаа алсыг зохих шувуудын цуваа
Найраг хөглөн байж энэхэн бодлыг минь хуваана
Айлчлан зочлоход аавын минь нутаг сайхан
Айраг цагаа хүртэн амрахад тухтай байх юм
Алсын бараанаас саравчлах танил олон
Аян замаа дуусаад тэдэндээ би очих болно
Дахилт
Морьтон ардын удам дөрөөн дээрээ босно
Монгол эрчүүдтэй зуузай холбон хамт цогино
Гэрийн галд улайх аргалын улаан цогонд
Гэргий хүний хийсэн зоогийн амт тун сайхан
Халуун зун хаяа сөхөн ханаа гаргах туургатан гэр
Эзэн хүний санаа холыг харна уудам тэнэгэр
Малаа бэлчээсэн ногоон тал уулын энгэрт
Хэдэн янзаар ургана, таана-хөмүүл-мангир
Оюун бодлыг минь оройгоосоо даллан дуудна
Олон Хайрхдууд минь салхиараа шивнэн дуудна
Очоод буцах хооронд ой ухаанд хэдийг нэмнэ
Орчин тойронд нь хоргодон байж мордох гэмээ нь
Айлчлан зочлоход аавын минь нутаг сайхан
Айраг цагаа хүртэн амрахад тухтай байх юм
Алсын бараанаас саравчлах танил олон
Аян замаа дуусаад тэдэндээ би очих болно